Skip to main content

ТАРХИНЫ ТАЛААРХ ҮНЭН-2

Өмнөх бичвэрээс анзаарсан бол “авир тархинд болхи, залхуу, бардамнал, шантрал, атаархал, тогтворгүй байдал гэсэн авируудыг тус тусад нь хариуцдаг 6 ХҮРД байдаг” гэж бичсэн байсныг санаж байгаа биз ээ. Эдгээр авируудыг өдөөснөөр хүний авир тархи илүүтэй идэвхжиж, айдас, эргэлзээ, уур бухимдал, алив муу муухайг зүрх сэтгэл, тархи оюунд өөгшүүлэн бодуулж, хийх үйлдэл, хөгжин дэвшихүйд дөнгө болж байдаг гэдэг. Тэгвэл авир тархиа идэвхжүүлэхгүйгээр дарах арга нь УРД ТАРХИА хөгжүүлэх, сайтар ажиллуулах юм. Энэхүү бичвэртээ УРД буюу ИХ ТАРХИНЫ тухайд мөн ХҮРД гэдэг ухагдахуунаар тайлбарлан бичих болно.
Шинжлэх ухаанд хүний хөдөлгөөн, сэтгэн бодох үйл ажиллагааны гол хэсэг, рефлекст үйл ажиллагааг их тархины дээд гадна давхарга хариуцдаг гэж бичсэн байдаг юм билээ. Тэгвэл одоо миний бичих ТИТЭМ буюу ОРОЙН ХҮРДний байршил яг л тэнд, “гавлын чанх оройд, их зулайд байрладаг энэхүү хүрд нь хүний үг яриа, үйлдэл хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг хариуцсан байдаг” гэсэн нь шинжлэх ухаанаар тодорхойлсонтой таарч байна гэж үзэж болохоор. Үг яриа гэдэг бол угаас хүний сэтгэн бодох үйл ажиллагаанаас л гардаг учраас таарч байна гээд байгаа нь тэр юм.
Авир тархины 6 хүрд нь нар буруу эргэдэг, огторгуйн хар нүхний адил дотогш татаж, сорж, хүнийг мухардалд оруулдаг бол оройн хүрд нь нар ЗӨВ эргэлттэй, эдгээр хүрдээ ажиллуулан тархины чадамжаа нэмэх тусам түгэн дэлгэрэх шинж чанартай байдаг байна. Хүрдээ ажиллуулна гэдэг нь тархины чадамжаа нэмэгдүүлэх гэж ойлгож болно. Тархины өндөр чадамжтай хүмүүсийг IQ сайтай гээд байдагтай адил гэсэн үг. Оройн хүрд хэдий чинээ сайн ажиллана, өөрийн түгэн дэлгэрэх шинж чанараараа авир тархины орших зайг хумж нягтаршуулан авирыг дарж байдаг бол эсрэгээрээ энэ оройн хүрд ажиллахгүй бол хумигдан, авир тархины зай томорон хүний тархи БУРУУ ажиллах нь ихэсдэг гэнэ. 
Үүнээс гадна мөн хүрд гэмтэж болох бөгөөд ОРОЙН ХҮРД ГЭМТВЭЛ УХАМСАРГҮЙН ДОРОЙТОХ ӨВЧИН буюу СЭТГЭЦИЙН ӨВЧИН үүсдэг гэнэ. Оройн хүрдний гэмтэл ТӨРӨЛХИЙН болон НӨЛӨӨЛЛӨӨС ҮҮДЭЛТЭЙ үүсдэг гэж үздэг бөгөөд төрөлхийн гэдэг нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй төрнө, харин нөлөөллөөс үүдэлтэй гэдэг нь хүчтэй цочролын улмаас асар ихээр айж мэгдэх, эсвэл хэт их гуних, хэт их баясах зэргээс үүдэлтэй сэтгэцийн өвчин тусаж солиордог байна.

Хүний тархи буруу эргэж, авир тархинаас үүдэлтэйгээр мухардалд орсон тохиолдолд гарах гарц байдаг бөгөөд тэр нь УХААН байдаг бол, хүрдний гэмтэлийг энерги заслын аргаар засахаас өөр ямар ч арга байдаггүй. Зүв зүгээр эв эрүүл явж байгаад гэнэт солиорчихсон хүн байдаг шүү дээ. Тэр л юм. Тийм хүмүүсийг эмнэлэгт аваачаад эм уулгаж, тариа тариад, галзуугийн цамц өмсгөөд ч эрүүл болгож чаддаггүй нь үүний нотолгоо мэт санагдана.
УРД ТАРХИ буюу ОРОЙН ХҮРД
Зулайн оройд байрлах оройн хүрдний төвийг тойроод 9 дэлбээ буюу заяагч хүрд байдаг. Энэхүү 9 заяагч хүрд нь хүний сэтгэц, сэрэхүй, ааш авирт нь нөлөөлдөг гэж үздэг байна. Иймээс хүмүүнд 9 төрлийн зан араншин, төрөлх чанар байдаг гэж үздэг байж. Үүнийг жаахан тодруулбал бүх хүнд эдгээр 9 зан чанар байдаг ч аль заяагч хүрдний чадамж нь төрөлхийн илүү, бусдаасаа давамгай байгаагаасаа шалтгаалаад тухайн хүний төрөлх чанар тодорхойлогддог гэсэн үг юм. Оройн хүрдний 9 дэлбээний онолыг Монголчууд боловсролдоо суурь болгон хэрэглэж, хүүхдийг 7 настайд нь шинжин, төрөлх чадамж, заяагдмал авъяас нь юу болохыг тодолж, хялбар суралцах орон зайг нь тодорхойлж, түүнийх нь эсрэг сул талуудыг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэх хүмүүжлийн чиг баримжаагаа олж авдаг байсан байна. Энэ талаар дараа дараагийн бичвэрт бичье гэж бодлоо. Үүнээс өмнө эдгээр 9 заяагч хүрдний талаарх хүн бүхэнд хамаарах ойлголтыг бичиж орууллаа.


1. Оройн хүрдний 1 дүгээр дэлбээ – ДЭНС
Итгэх, итгэхгүй байх, баясах, баясахгүй байх, ойлгох, ойлгохгүй байх гэх хүний хоёрдмол шинжүүдийг буюу эргэлзэх чанарыг хариуцдаг хүрд юм. Энэ хүрд нь хүний баруун, зүүн тархийг дамнан оршдог ганц хүрд учраас ийм хоёрдмол шинж чанарыг агуулдаг юм байна гэж ойлгосон. 
Эргэлзэх чанар бүхий л хүнд байдаг бөгөөд яг одоо энэ бичвэрийг уншиж байгаа олон хүн “зөв юм уншаад байна уу, буруу юм уншаад байна уу” гэж эргэлзэж л суугаа гэдэгт “бат итгэлтэй” байна. Энэ хүрд зөв, тэгш эргэх тусам хүний итгэл нэмэгддэг гэж үздэг байна. Харин хазгай, халивтай эргэх тусам хүний эргэлзээ нэмэгддэг байна. Гэхдээ энэ эргэлзээ нь “зөв уу, буруу юу” гэх эргэлзээнээс огт өөр. Энэ “зөв уу, буруу юу” гэх эргэлзээ бол та бүхэн энэ бичвэрийг дэнсэлж байна гэсэн үг, өөрөөр хэлбэл ДЭНС ХҮРД чинь ажиллаж байнаа гэсэн үг. Харин нөгөө буюу халивтай хазгай эргэлтийн эргэлзээ нь зөвийг нь мэдсээр байж, дахин дахин нягталсан ч, дахин дахин бодсон ч зөв байсаар байтал дахиад л эргэлзэх, тээнэгэлзэх, хийх ёстойгоо мэдсээр байж хийх үү, байх уу гэх мэт эргэлзээ юм. Зөв эргэлзээ, тээнэгэлзээ бол өөрийн зөвөө магадлаж, бататгаад, итгэлтэйгээр хийхийг хэлнэ. Ингэж байвал таны энэ хүрд зөв ажиллаж байгаа юм байна гэж ойлгож болно.

Авир тархи идэвжсэнээс үүдэлтэйгээр тархи буруу ажиллаж эхлэх үед дэнс хүрд БУРУУ эргэж эхлэх бөгөөд тэр хүнд БҮХНИЙГ БУРУУШААН ҮЗЭХ ҮЗЭЛ нэмэгддэг байна. Харин дэнс хүрд ГЭМТВЭЛ тэр хүн хэт их туйлширсан, тэрс үзэлтэн болдог байна.
Энэ хүрдний ажиллах зарчим нь мэдрэлжилтээс ирэх дохио, мэдээллийг цэнэг болгон хувиргаж, баруун, зүүн тархи руу шидэж, 2 харалдаа байрлалд тогтооход юмс үзэгдлийн хийсвэрлэлт болоод бодит байдал давхцан тархинд зөв ойлголт суудаг байна. Харин цэнэгт мэдээлэл баруун зүүн тархи руу дамжуулагдахдаа өөр, өөр байрлалд шидэгдвэл бодит байдал, хийсвэрлэл хоёр зөрүүтэй болж, буруу ойлголт үүсдэг байна. Багахан ойлгомжтой болгох үүднээс нэг жишээ авъя. Худлаа ярьж болохгүй гэж хүүхэддээ заахад хүүхдэд худлаа ярих гэж ийм зүйл байдаг юм байна гэх өөрийн төсөөлөл үүсдэг байна. Тэр нь бодит байдал дээр худлаа ярьж байгаа хүнийг хараад улам бүр батжиснаар “худлаа ярих” гэх ойлголт бүрэн, зөв суудаг байна. Гэтэл худлаа ярьж болохгүй гэсэн аав ээж нь өөрсдөө хүүхдийнхээ нүдэн дээр худлаа яриад байвал эргэлзээ үүсэн аав ээжийнхээ худлаа ярьж болохгүй гэсэн ярианаас үүссэн өөрийн төсөөлөл болон аав ээжийнх нь худлаа ярьж байгаа бодит байдал хоёрын хооронд зөрүү үүссэнээр “худлаа ярих”-тай холбоотой тэр хүүхдийн ойлголт тэс өөр болж, буруу ойлголт үүсдэг байна. Ингэснээр тэр хүүхэд бусад хүмүүсийн хувьд худалч нэгэн болох бөгөөд худлаа ярьж байна гэж ухамсарладаггүй болох юм.
Насанд хүрсэн хүний хувьд тархинд суусан буруу мэдээллийг шинэ дээр нь, 21 хоногийн дотор засахгүй бол тэр чигтээ суудаг байна. Өөрөөр хэлбэл, буруу муу зүйлийг байх ёстой л мэтээр хүлээж авдаг байна. Харин 16-12 настнуудын хувьд 12 хоногийн дотор алдаатай мэдээллийг залруулж засахгүй бол цаашдын амьдралд нь хэвшил болдог байна. Энэ тохиолдолд ямар ч буруу муу зүйлийг, буруу дадал зуршилыг зөв мэтээр хүлээж авдаг. Том болсон ч энэхүү дадал зуршилаа гээж, засаж чаддаггүй. 12-7 настнуудад буруу мэдээлэл 7 хоногийн дотор чадамж болж хувирдаг. Чадамжийг нь засахын тулд элдэв арга хэрэглэсээр 7-8 жилийн дараа л зөв хэв шинжид ордог байна. 7-1 настнуудад тэрхүү буруу мэдээлэл нь 3 хоногийн дотор суурь ухаан болох тул ерөөс засах боломжгүйгээр тэр хүний ерөнхий зан төлөв болдог байна. 0-1 насныхны хувьд шууд мэдрэлжих тул гүн нойрсолтын найман цагаас өмнө л засахгүй бол шууд хэвшил болж, яагаад ч ямар ч аргаар засаж чадахгүй, хүний хүчин нөлөө хүрэхээргүй болдог байна.
Дэнс хүрд нь хүүхдийг 7 нас хүртэл жигд хэмтэйгээр мэдээллийг тархинд байршуулж байдаг тул бодит ертөнцийн аливаа зүйлсийг хийсвэрлэл буюу нэр нэршил болон бодит мэдрэгдэх байдлаар нь бүрэн тусгаж авсан байдаг байна. Тиймээс 0-7 настай хүүхдийг хийсвэрлэн зааж сургахаасаа илүүтэй 5 мэдрэхүйд нь хүрэлцүүлэн сургах аргыг хэрэглэдэг. Эндээс дээр дурьдсан жишээ болох “худлаа ярих” ойлголтыг хэрхэн яаж хүлээж авсан нь ойлгомжтой болох юм. Хэдийгээр хүний дэнс хүрд нь хийсвэрлэл болон бодит байдлын давхцлаар ойлголтыг хүлээж авдаг хэдий ч бага насны хүүхдийн хувьд угаас танин мэдэх арга нь хүрэлцэхүйгээр шууд танин мэддэг учраас бодитоор өөрт нь үлгэрлэн харуулснаар нь ойлгож авсан байх жишээтэй.
7 наснаас дээш насны хүүхдийн дэнс хүрд мэдээллийг илүү нарийн шүүж, тархинд шууд хадгалахаа больдог. Өөрийн дуртай зүйлээ илүү хийж, түүндээ зохицсон үгийн баялаг, мэдээллийг орон зайнаасаа шүүж авдаг байна. Тиймээс энэ насанд нь хүүхдийн ирээдүйн мэргэжлийг тогтоох боломжтой гэж үздэг.
Гэтэл одоо бид хүүхдүүддээ юм заахдаа үгээр буюу хийсвэрлэлээр, бодит юмс үзэгдлийг өөрийнх нь хүртэхүйгээр мэдрүүлэхгүйгээр сургаж байгаа нь бодит амьдрал дээр аливааг хийж бүтээх чадамжгүй, зөвхөн ярихаас цаашгүй нэгнийг бий болгож байна гэсэн үг байх нь. Эсвэл бүр юу ч заалгүйгээр зөнд нь орхиж, эсвэл зөнгөөр нь эрхлүүлчихсэн, телевизээс бодит бус, хийсвэр, бодит амьдрал дээр байх ч боломжгүй үг үйлдэл бүхий кино, хүүхэлдэй үзүүлэн, гар утсаараа тоглуулан сургаж байгаа нь өөрийн хүүхдээ ирээдүйд бодит амьдралд амьдрах чадваргүй нэгэн болгож хувиргах өндөр магадлалтай. Өнөөдөр тийм хүүхдүүд компъютер тоглоомонд донтон, сошиалд эморч, амьдрах утгагүй байна гэж бичицгээж байх жишээтэй. 
За, ингээд өнөөдрийн бичвэрээ өндөрлөе.. Уг нь товчлоод, бүх 9 заяагч хүрдний мэдээллийг нэг бичвэрт оруулъя гэж бодож байсан ч хэтэрхий товчилсноос үүдэлтэйгээр ойлгомжгүй болчих гээд байсан тул дэлгэрэнгүй оруулахаар шийдсэн нь энэ юм. Угаас өөр дээрээ бодсон ч тус бүр нь 600-700 хуудастай 6-7 ном уншиж байж, эргэн эргэн нухаж байж, тэндээс ойлгосноо бодит амьдрал, мэдээллүүдтэй жишин харьцуулж бодсоор яваад одоо л нэг цэгцтэй ойлгох аядаж, ер нь бараг л баталгаатай байж мэдэх нь байна шүү гэж өөртөө хүлээн авсан ойлголт байтал яаж ч хэдхэн хуудсанд тэгтэл нь товчилж бусдад хүргэх билээ дээ.
Дараагийн бичвэрүүдээр үлдсэн 8 заяагч хүрдний мэдээллүүдийг цувралаар оруулсны дараагаар хүрд хүрдэнд хамаарах төрөлх чадамжтангуудыг хэрхэн таних, өөрийн төрөлх чадамж нь аль болох талаар мөн өөрийн давамгай чадамж дээрээ тулгуурлан бусад чадамжуудаа хэрхэн жигд хөгжүүлэх вэ гэх зэрэг сэдвүүдээр бичих нь илүү системтэй, ойлгомжтой болох болов уу гэж бодлоо.

Ц.Мядагмаа
Ашигласан ном: Домчийн судар, Монгол Товчион түүхийн тайлал

Comments

Popular posts from this blog

СҮНСНИЙ ХӨГЖЛИЙН 7 ҮЕ ШАТ: ТА ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Сүнслэг өсөлт бол олон уулзвар, олон салаа эргэлттэй аялал юм. Оюун санааны энэ аян замд гэвч хаана яваагаа таньж мэдэж болох тодорхой үе шатууд байдаг.  Оюун санаа, билиг оюун, сүнсний хөгжлийг олон аргаар гүйцэтгэж болно. Гэгээрэлд хүргэдэг тогтсон зам гэж байхгүй. Тэр байтугай, энэ замд заримдаа урагш хоёр алхаад гурваар ухраад байх шиг ч санагдах үе бий. Үнэндээ яг одоо байгаа үе шат чинь тийм ч чухал биш. Гол нь хэр хол явснаа харах, дараагийн булан тойроход юу байж болохыг ойлгохын тулд аян замынхаа аль хэсэгт яваагаа мэдэх нь чухал. Сүнслэг өсөлтийн эдгээр үе шатууд зөвхөн удирдамж төдий юм. Та амьдрал ахуйдаа янз бүрийн чиглэлээрээ янз бүрийн үе шатад яваа. Сүнслэг өсөлтийн үе шатуудыг олон янзаар тодорхойлсон байдаг ч туйлын зөв зам, туйлын зөв арга гэж үгүй. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц, үе шатыг ойлгох нь бидэнд урагш ахиж, туулах зам мөрөө илүү аятай, ойлгомжтой болгоход тусалдаг. Энэ л утгаар, сүнслэг өсөлтийн үе шатуудыг дараах байдлаар тайлбарлаж байна. ...

Аюурвед

Энэ нэг юм юу ч хамаагүй хамж идээд таргалахгүй, би ус уусан ч таргалаад байна гэдэг хүмүүс наашаа анхаарлаа хандуулна уу. Аюурвед гэж сонссон хэр нь яг таг юу гэдгийг нь мэдэхгүй хүн олон. Энгийнээр тайлбарлахад ердөө л байгалийн хууль юм. Бидний махан бие байгалийн бүтээл. Гайхамшиг нь дийлдэхгүй том механизм. Нэг ёсондоо олон галактик ертөнцүүд бидний дотор ухаалаг системээр зохицон амьдарч буй гэхэд болох юм. Энэ нэг ёсны физикийн хичээл юм. Энергийн тухай л яригдах сэдэв учир. Энэтхэгийн ведийн гүн ухаан, Хятад Солонгосын инь-янг онол, Монголын уламжлалт анагаах ухаан бүгдэд л үндэс суурь болгон авч үздэг нийтлэг үзэл бөгөөд худал зүйлгүй хөдөлшгүй байгалийн хууль юм. Хүний энергийн шинж чанар буюу энерги хэр зэрэг нөөцөлдөг, нөөцөлснийгөө хэр зэрэг зарцуулдаг, буцаагаад хэрхэн нөхөж чаддаг зэрэг шинжүүдээр 7 ангилан тодорхойлно. Үүнд: 1. Альфа хүн /alpha/     Питта доша /pitta dosha/     Ус ба галын элемент 2. Бета хүн /beta/     Капха д...