Skip to main content

СҮНСНИЙ ХӨГЖЛИЙН 7 ҮЕ ШАТ: ТА ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Сүнслэг өсөлт бол олон уулзвар, олон салаа эргэлттэй аялал юм. Оюун санааны энэ аян замд гэвч хаана яваагаа таньж мэдэж болох тодорхой үе шатууд байдаг. 
Оюун санаа, билиг оюун, сүнсний хөгжлийг олон аргаар гүйцэтгэж болно. Гэгээрэлд хүргэдэг тогтсон зам гэж байхгүй. Тэр байтугай, энэ замд заримдаа урагш хоёр алхаад гурваар ухраад байх шиг ч санагдах үе бий. Үнэндээ яг одоо байгаа үе шат чинь тийм ч чухал биш. Гол нь хэр хол явснаа харах, дараагийн булан тойроход юу байж болохыг ойлгохын тулд аян замынхаа аль хэсэгт яваагаа мэдэх нь чухал.
Сүнслэг өсөлтийн эдгээр үе шатууд зөвхөн удирдамж төдий юм. Та амьдрал ахуйдаа янз бүрийн чиглэлээрээ янз бүрийн үе шатад яваа. Сүнслэг өсөлтийн үе шатуудыг олон янзаар тодорхойлсон байдаг ч туйлын зөв зам, туйлын зөв арга гэж үгүй. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц, үе шатыг ойлгох нь бидэнд урагш ахиж, туулах зам мөрөө илүү аятай, ойлгомжтой болгоход тусалдаг.
Энэ л утгаар, сүнслэг өсөлтийн үе шатуудыг дараах байдлаар тайлбарлаж байна.


1.  Өөрийн сүнслэг оршихуй, билиг оюунаа мэддэггүй, холбогдоогүй байх 
Энэ шатанд хүн сүнсний оршин тогтнолыг огт хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ. Материаллаг ертөнцөөс өөр юм амьдралд нь бий гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс олон. Яах вэ байж болох л зүйл. Тэгээд ч бусдыг өөр өөр итгэл үнэмшилтэй байж болохыг хүлээн зөвшөөрөх нь сүнслэг өсөлтийн үйл явцад чухал байр суурь эзэлдэг төдийгүй сүнслэг оршихуйг үгүйсгэгчдийг ч хүлээн зөвшөөрөх нь үүнд багтана.
Энэ л цагт энэ л ертөнцөд амьд яваадаа баярлан, амьдрал гээч гайхамшигт оршихуйнхаа сүнслэг үндсийг эрэлхийлж хайлгүй амьдарч яваа хүмүүс бий. Гэсэн хэдий ч энэ нь олон хүний хувьд аян замынх нь нэгээхэн үе шат байдаг.  Удахгүй тэд амьдрал гээгчид ямар нэгэн өөр зүйл бий хэмээн мэдэрч эхэлдэг.

2. Материаллаг ертөнцөөс илүү зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх буюу эргэн санах 
Яван явсаар амьдралд нүдэнд үзэгдэхээс илүү зүйл байдаг гэх бодол олон хүнд цухас төрж эхэлдэг. Энэ нь амьдралд тохиолдох хүндрэл бэрхшээл эсвэл сүнслэг туршлагаас үүдэлтэй байж болно. Содон сонин тохиол, учрал эсвэл сүнслэг (оюун санааны) багштай уулзсаны үр дүн болж ирэх нь ч бий. 
Олон хүн оюун санаа, сүнслэг оршихуйн энэ үе шатад урт хугацаагаар, олон жилээр, зарим нь бүүр насан туршдаа ч үлдэх нь бий. Давтан сануулж хэлэхэд сүнслэг хөгжлийн аль ч үе шатыг эрэмбэлж дугаарлах хэрэггүй. Аль аль нь өөр өөрийнхөөрөө гайхамшиг юм.

3. Сүнслэг зүйлсийг сонирхох - оюун санаа, сүнслэг оршихуйн талаар илүү ихийг олж мэдэхийн цангаа 
Зарим хүмүүс сүнслэг тогтнол, оюун санааны зам мөрийг сонирхох нь илт өсөж ирнэ. Тэд оршихуйн талаар учрыг олох хүсэлд автаж илүү ихийг судалж эхэлдэг. Зарим хүний хувьд энэ хүндхэн цаг үе болдог. Энэ шатад хүмүүс аль нэгэн шашинд орж сүсэгтэн болох нь бий. Нэг нь зөв гэх итгэлээр ордог бол нөгөө нь сүнслэг хайгуулд эргэлзэхдээ шашин сүмд элсдэг байна.
Үл мэдэхүй болон учир битүүлэг зүйлийн дунд хүмүүс төөрөлддөг. Тэд тодорхой бус байдлыг хүлээн авч дийлэлгүй тогтсон дүрэм журамтай шашин шүтлэгийн замыг сонгодог. Мэдээж тэдгээр хүмүүст энэ бол зөв бөгөөд төгс зам.
Бусдынх нь хувьд харин энэ үе эрэл хайгуул, нээлтийн цаг болдог. Хөл доороо хатуу газрыг тэмтчин хайж далайн их уснаа  сэлэхийн адил мэдрэмж биднийг эзэмддэг. Гэвч ертөнц оршихуйг харах шинэ өнцөгтөө дасан зохицож эхэлснээрээ тодорхойгүй төлөвт амьдрах чадварыг олдог.

4. Сүнслэг эрэл хайгуул ба суралцах явц
Энэ шатанд бид цаашдын хөгжилд хөтлөх олон төрлийн ойлголт, зүг чигийг олж таньж туршлага суудаг. Энэ замд олон уулзвар, олон салаа эргэлт таарах вий. Бид олон олон үзэл санааг хүлээн авч, тэрнээсээ дараа нь татгалзаж хөсөр хаяж тэгснээ аян замынхаа дараагийн хэсэгт буцаагаад авч ч магад.
Сүнслэг хөгжилд эрэмбэ дугаар гэж үгүй. Нэг нэгнээсээ дээр гэх зам мөр байхгүй. Энд зөвхөн хүмүүний бурханлаг чанарыг хайх өөрт тохирох замыг олох асуудал яригдаж байна. 
Та өөрийн багш эсвэл гуруг олж болно, эсвэл сүнслэг хөгжлийн тодорхой нэгэн замыг сонгон суралцаж эс бол нэг дор олон аргыг зэрэг судлан шамдаж болно. Таны цуглуулсан мэдлэг, өөрийн оюун санааны талаарх ухамсарлал тань илтгэгч зэргээр өсөж, ертөнцийн мөн чанар, харилцан хамаарлын тухай ойлголтыг тань улам бүр өргөсгөн тэлэх болно. Энэхэн дэлхий дээр хамтран орших хүмүүсийн төлөө, амьтан, ургамлын төлөө хариуцлага хүлээх ухамсарт мэдрэмжийг та амсаж эхэлнэ. Та алив боломжуудад илүү нээлттэй болж, бусад хүмүүсийн туршлагыг үл ойшоох хандлагаас хөндийрөх болно.
Энэ бол сэтгэл хөдлөм нээлтүүдийн үе байж мэднэ. Заримдаа та аз жаргалаар дүүрч бялхана, заримдаа айдас, эргэлзээндээ эргээд унах агшнууд ч байх магадлалтай. 

5. Сүнслэг туршлагыг хөгжүүлэх 
Энэ үе шатад та сүнслэг дадлыг эхлүүлж тэдгээр нь тун удалгүй агаар, хоол, ус мэт үндсэн хэрэгцээ чинь болж ирнэ. Эдгээр нь гэвч тогтмол биш ч байж мэднэ. Учир нь хүмүүс бидэнд хэсэг хугацааны дараа ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй болдог. 

Ийнхүү та бясалгал, тэмдэглэл,  залбирал гэх мэт ямар нэгэн дадал туршлагыг зориудаар хийдэг болж энэ нь насан туршид тань  үлдэж ч магад.  Шинэ санаа сэдлийг хайж туршлага хийж сүнслэг дадал бүтээлээ байнга тэлж явдаг хүмүүс ч мөн байдаг.  

6. Өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх
Энэ үе шатад та өөрийн болон өөр хэн нэгний аян зам 'илүү сайн' эсвэл 'буруу' гэх юм байдаггүйг ойлгох болно. Хүн бүр чухамхүү өөрт нь тохирсон  төгс газраа л байдаг. Бид бүгд сүнсний  хөгжлийн өөр өөр түвшинд явааг, магад ч үгүй өөр өөр төрөлдөө явааг та ухамсарлан хүлээж авна. 
Бусдаас илүү, давамгай гэх бодол мэдрэмж тань сарнин алга болж, бусдыг ямар үе шатад яаж сэтгэж буйгаас үл хамааран бүгдийг энэрэн нигүүлсэх, хайрлах сэтгэлд та умбах болно. Та бусдад аян замд нь тусалж, урамшуулж зоригжуулахыг эрмэлзэх болно, гэвч өөрийн яваа зам мөрийг өөр бусдад тулгах заах сэтгэл үгүй болсон байх вий.

7. Сүнслэг төлөвшил
Энэ үе шатад сүнслэг байдал гээч нь байнгын боддог зүйл тань байхаа болино. Харин бүхэл оршихуйн тань салшгүй нэгэн хэсэг болсон байна. Чухал хэмээн бодож байсан олон асуудлууд ердөө л сарниад алга болсон байдаг. Та сүнслэг төлөвшилд хүрэх нь энэ. Энэ үед та, бүх зүйл нэг юм гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож, салангид тусдаа гэх төөрөгдлөөс салсан байдаг. 

Сэтгэлийн харанхуй шөнө
Эдгээр үе шатыг дамжихаас гадна оюун санааны олон эрэлчид бүх юм барьцгүй, нурж унаад байх мэт мэдрэмж бүхий хүндхэн цаг үеийг туулдаг.  Үүнийг ихэнхдээ сэтгэлийн харанхуй шөнө гэж тодорхойлсон байдаг. Энэ зүйл ихэвчлэн сүнслэг оюун санаа гүйцэд боловсорч, төлөвшиж гүйцэхийн өмнөхөн тохиолддог ч аян замынхаа туршид бид энэ харанхуй шөнөтэй нэг биш удаа учрах нь бий. 
Харанхуй шөнө хэдийд ч хэд дэх удаагаа ч тохиосон бай бүгд ялгалгүй биднийг өөрчилдөг, цаашдын өсөлт, хөгжлийн маань бэлтгэл болж өгдөг. Харанхуй шөнө ихэвчлэн ямар нэгэн юмаа алдсаны дараагаар илэрдэг. Энэ нь аюулгүй байдал, харилцаа холбоо, ойр дотно хүнээ алдах, эсвэл гэр оронгүй болох, амь зуулгаа алдах зэрэг материаллаг хохирол ч байж мэднэ.
Энэ мэт бараан үе хүнд хэцүү сорилт, ганцаардлын үе байдаг. Энэ мөн тусламжийн үнэ цэнийг мэдрэх цаг. Та энэ сорилтыг даван туулж, эцэс төгсгөлд нь ямар нэгэн үнэ цэнэтэй зүйлийг олж авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаарай.

Хаалтын үг
Энэхүү аяллын үе шатыг нэг бүрчлэн туулах нь чухал тул дараагийн шатанд гарах гэж яарч аль нэгийг орхигдуулахгүй байвал зөв. Гэгээрэлд хурдан хүрэх хүсэл бол сүнслэг хөгжлийн гэхээсээ илүү эгогийн хэрэгцээ байдаг.  Бидний оюун санааны сүнслэг аялал зарим үед хүнд хүчир болж замд маань олон асуудал тулгарахад ихэнх нь ердөө гадаах амжилт, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэмжилсэн бидний эго өөрийнх нь хэрэгцээнээс үүдэлтэй байдаг.
Аян замын үе шат нэг бүрийг туулан давж, туршлагаасаа бүрэн дүүрэн суралцаж, өөрийгөө одоо байгаа үе шат, цэг бүртээ цаг мөч тутамдаа аяллынхаа төгс газарт байгаагаар мэдэрч, хүлээж авснаар сүнслэг өсөлтийн үйл явц тань бэрхшээл багатай байх болно.

Орчуулсан Б.Нарантуяа
Эх сурвалж: https://www.learning-mind.com/spiritual-growth-stages/

Comments

Popular posts from this blog

ТАРХИНЫ ТАЛААРХ ҮНЭН-2

Өмнөх бичвэрээс анзаарсан бол “авир тархинд болхи, залхуу, бардамнал, шантрал, атаархал, тогтворгүй байдал гэсэн авируудыг тус тусад нь хариуцдаг 6 ХҮРД байдаг” гэж бичсэн байсныг санаж байгаа биз ээ. Эдгээр авируудыг өдөөснөөр хүний авир тархи илүүтэй идэвхжиж, айдас, эргэлзээ, уур бухимдал, алив муу муухайг зүрх сэтгэл, тархи оюунд өөгшүүлэн бодуулж, хийх үйлдэл, хөгжин дэвшихүйд дөнгө болж байдаг гэдэг. Тэгвэл авир тархиа идэвхжүүлэхгүйгээр дарах арга нь УРД ТАРХИА хөгжүүлэх, сайтар ажиллуулах юм. Энэхүү бичвэртээ УРД буюу ИХ ТАРХИНЫ тухайд мөн ХҮРД гэдэг ухагдахуунаар тайлбарлан бичих болно. Шинжлэх ухаанд хүний хөдөлгөөн, сэтгэн бодох үйл ажиллагааны гол хэсэг, рефлекст үйл ажиллагааг их тархины дээд гадна давхарга хариуцдаг гэж бичсэн байдаг юм билээ. Тэгвэл одоо миний бичих ТИТЭМ буюу ОРОЙН ХҮРДний байршил яг л тэнд, “гавлын чанх оройд, их зулайд байрладаг энэхүү хүрд нь хүний үг яриа, үйлдэл хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг хариуцсан байдаг” гэсэн нь шинжлэх ухаанаар тодорхойлс...

Аюурвед

Энэ нэг юм юу ч хамаагүй хамж идээд таргалахгүй, би ус уусан ч таргалаад байна гэдэг хүмүүс наашаа анхаарлаа хандуулна уу. Аюурвед гэж сонссон хэр нь яг таг юу гэдгийг нь мэдэхгүй хүн олон. Энгийнээр тайлбарлахад ердөө л байгалийн хууль юм. Бидний махан бие байгалийн бүтээл. Гайхамшиг нь дийлдэхгүй том механизм. Нэг ёсондоо олон галактик ертөнцүүд бидний дотор ухаалаг системээр зохицон амьдарч буй гэхэд болох юм. Энэ нэг ёсны физикийн хичээл юм. Энергийн тухай л яригдах сэдэв учир. Энэтхэгийн ведийн гүн ухаан, Хятад Солонгосын инь-янг онол, Монголын уламжлалт анагаах ухаан бүгдэд л үндэс суурь болгон авч үздэг нийтлэг үзэл бөгөөд худал зүйлгүй хөдөлшгүй байгалийн хууль юм. Хүний энергийн шинж чанар буюу энерги хэр зэрэг нөөцөлдөг, нөөцөлснийгөө хэр зэрэг зарцуулдаг, буцаагаад хэрхэн нөхөж чаддаг зэрэг шинжүүдээр 7 ангилан тодорхойлно. Үүнд: 1. Альфа хүн /alpha/     Питта доша /pitta dosha/     Ус ба галын элемент 2. Бета хүн /beta/     Капха д...