
Саяхан даа, нэг фб найз маань гадаадад насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийг мэргэжилтнүүд арын тархи нь урд тархинаасаа илүү хөгжсөн гэж дүгнэсэн байдаг тухай бичсэн байсан юм. Энэ үнэний ортой, ортойгоор барах уу, үнэн байж мэдэх юм гэсэн бодол өмнө уншиж байсан номын мэдээлэлтэй холбогдон төрсөн билээ... Сарын өмнө л “Хүмүүс яагаад ийм аймшигтай гэмт хэрэг хийнэ вэ? Хүчирхийлэлтэй киноноос боллоо” гэж халаглан бичиж байсныхаа үндэслэлтэй байж болох шалтгааныг олчихоод та бүхэнтэй хуваалцаж байна.
Сэдвийн маань гол зүйл нь УРД (ИХ) ТАРХИ болон АРД (АРЫН) ТАРХИ юм. Гэхдээ анагаахын шинжлэх ухааны талаас нь тархины хэлбэр хэмжээ, жинг нь биш, бас өнөөгийн сэтгэл судлалын шинжлэх ухаан талын тархины үйл ажиллагааны онолын асуудлыг биш, харин Монголчуудын төдийгөөс өдийг хүртэл таньж мэдсэн, түүнээ өвлүүлэн дамжуулсан мэдээллээс энд бичих гэж байна.
АРЫН ТАРХИ буюу АВИР ТАРХИ
Шинжлэх ухаанд арын тархи гэж нэрлэгддэг тэр хэсгийг Монголчууд АВИР ТАРХИ гэж нэрлэдэг. “Авир нь дэндсэн” гэж ямар хүмүүсийг хэлдэг билээ гэж бодохоор л “арын тархины хөгжил давамгайлсан гэмт хэрэгтнүүд”-тэй төстэй ааш авиртай хүмүүс санаанд бууж байгаа биз? Авир тархи нь тусгайлсан тархи биш, шилэн хүзүүнээс 3 хуруу дээр байрлалд байдаг тархины хэсэг гэжээ. Шинжлэх ухаанд ч арын тархи нь дагзны доод хэсэгт байрладаг хэмээн үздэг гэж ойлгосон. Тэгэхээр байрлалын хувьд адил байгаа юм. Тэгэхээр эхний дүгнэлт буюу энэ хоёр нь адил зүйл юм гэдгийг таамаглаж болохоор байна.
Авиртай хүн гэхээр хамгийн түрүүнд архи уучихаараа ч юм уу, эсвэл угаас овлигогүй, сагсуу, агсагнуур хүн төсөөлөлд буудаг. Тэгвэл авир тархины ажиллагаанаас хүний муу ааш авир гардаг байна. Авир тархинд 6 хүрд байдаг гэж үздэг бөгөөд тэр нь:
1. Болхи – Юмыг яаж хийхээ мэдэхгүй арга мухардах байдал
2. Залхуу – Юу ч хийхийг хүсэхээ болих байдал
3. Бардамнал - Өөрийгөө хэт дөвийлгөн үзэж, байгаадаа ханаж өсөх, дэвжихээ хүсэхээ байх байдал
4. Шантрал – Өөрийгөө байгаа байдлаасаа доогуур үнэлэх, байгаа байдлаа хүлээн зөвшөөрөхөө болих байдал
5. Атаархал – Бусдын чадаж байгааг өөрөө хийж чадахгүйгээс үүдэлтэй мухар
6. Тогтворгүй байдал – Юун дээр алдаж байгаагаа анзаарахгүй, энэ бодлоо ч цэгцэлж чадахгүй сул дорой болох мухар гэсэн авир аашуудыг тус тусад нь хариуцдаг байна.

Дээр дурьсан жишээ болох агсагнуур, овлигогүй, сагсуу бол энэ тархины л илрэл бөгөөд шалтгаан нь ердөө л дээрх 6-д л хамааралтай болно, аль нь ч байж болох юм. Эрүүлдээ өөрийгөө яаж илэрхийлэх аргаа олоогүй БОЛХИ хүн архи ууж зориг ороод агсагнан, гомдол цөхрөл, сэтгэлийн буглаагаа гаргадаг байж болно. Өөрийгөө бусдаас мундаг гэж боддог БАРДАМНАЛ нь дэндсэн хүн сагсуурч, бусдад дээрэнгүй хандан агсагнадаг байж болно. Өөрийгөө дорд үздэг, дотроо бугшиж ШАНТАРСАН хүн өөрөөсөө сул дорой нэгэнтэй таарахаараа өөрийгөө илүү болохоо мэдрэх гэж дээрэлхэн, агсагнадаг байж болно. Хийж чадаж байгаа нэгэнд АТААРХАЖ хорсохдоо овлигогүйтэн элдвээр хэлж, агсагнадаг байж болно. Зөв зүйлийг сурахаа, хүсэхээ больсон ЗАЛХУУ нэгэн нь зүгээр л сув сул асгарах авир тархиныхаа араншинг зоргоор нь гаргаж, агсагнаж байж ч болно. Ааш авир нь ТОГТВОРГҮЙ болсон хүн нэг инээгээд л, нэг агсагнаад л, нэг уйлаад ч байж болно. Энэ бол сэтгэлд илэрч буй шинж тэмдгээр агсагнуур зангийн шалтгааныг тогтоож байгаа хэлбэр нь юм.
Авир тархины үйл ажиллагаа идэвхжих үед биед илрэх шинж тэмдгээр мөн оношилж болох нь.
- БОЛХИ- нь хэтэрч юм болгонд арга мухардаад байдаг хүнд мэдрэл тогтолцооны согог илрэн хөл гараа удирдаж чадахаа больдог байна.
- ЗАЛХУУ- тархи, гараа ч ажиллуулах дургүй бол чихрийн шижин өвчин заавал дагадаг.
- БАРДАМНАЛ- нь хэтэрсэн хүнд судасны хатуурал өвчин илэрдэг.
- ШАНТРАЛ- юм болгонд шантарч өөрийгөө байгаагаасаа дорд үздэг хүний элэг хүйтдэж, элэгний хатууралтай болдог.
- АТААРХАЛ- атаархуу хүмүүст бүх төрлийн харшил үүсдэг.
- ТОГТВОРГҮЙ- сэтгэл санаа нь байнга тогтворгүй байдаг хүний бие хавагнаж, үүнд зүрхний болон бөөрний хаван давамгайлан үүсдэг. Мөн халуун хүйтэнд харших өвчин илэрдэг байна.
Гэхдээ энд нэг юмыг онцгойлон хэлэхгүй бол болохгүй. Дээрх өвчтэй хүмүүс бүгд авир ааш нь ихэдсэн хүмүүс гэж ойлгохоосоо илүүтэй, эдгээр өвчнүүдийг үүсгэдэг олон шалтгаануудын нэг нь эдгээр ааш авирууд юм гэдгийг ойлгох нь зүйтэй юм. Архи огт уудаггүй хэрнээ элэг нь хатуурсан хүн магадгүй өөрийгөө байнга голдог, аливаад ШАНТРАМХАЙ хүмүүс байж болох юм.
Ааш авир чинь дийлдэхгүй, учир шалтгааныг нь мэдэхгүйгээр юм л бол уурлаж бухимдаад, сэтгэл санаа тавгүйтээд, эсвэл бусадтай дээрэнгүй харьцаад байвал өөрийнхөө сэтгэлийг дэнсэлж, биеийг ажиж юунаас, ямар авираас болов гэдгээ үүгээр тодорхойлж болох юм. Ийнхүү шинжээд, миний авир тархины аль хэсэг нь илүүтэй идэвхжин ажиллаад байна вэ гэдгээ мэдчихвэл авир аашаа засч болох нь. Авир тархиа засчихвал мухардлаас гарч, тархинд үүссэн цоож, түгжээ нь тайлагддаг гэж үздэг байна. БИЕЭ ЗАС гэдэг чинь үүнийг л товчоор хэлсэн үг юм байна лээ шүү. “Би тийм биш, надад элдэв ааш байхгүй. Шалтгааныг нь бодоод байх шаардлага байхгүй. Энэ муу л уур хүргээд, миний аашийг хөдөлгөөд байдаг юм” гэж бодож байвал маш буруу юм. Өөрийгөө таньж, бодит байдалтай эвлэрэхээс ШАНТАРСАН хүн л ингэж бодно. Анзаарч байгаа бол шалтгааныг нь бодох хүсэлгүй, улмаар цааш биеэ засах хүсэлгүй байна гэдэг бол ЗАЛХУУГИЙН шинж ч давхар илэрч байна. Магадгүй, шалаа тогтмол угааж, зүгээр сууж чадахгүй хөдөлж байдаг ч бодохоос залхуурдаг, зугтаадаг УХААНЫ ЗАЛХУУ болсон байх магадлалтай юм.
Яг энэ шинжээгээр бид нийгмээ ч шинжин харж болох юм. Машин зам дээр урдуур орлоо, гүйцэж түрүүллээ гээд зоддог нүддэг, машин тэргийг нь эвддэг, замын цагдааг хүртэл барьж авч зоддог, гудамжинд танихгүй хүн рүү хүртэл муухай хараад өнгөрдөг, сошиалаар нэгнийгээ элдвээр харааж доромжилдог, өөрөө огт өөр гарагаас ирсэн мэт бусдыгаа хар масс, орк, боловсролгүй, харанхуй гэж цоллон дууддаг, ажил хийхгүй арчаагүй, бэлэнч царайлаад бусдаас тусламж гуйн залхуурч хэвтдэг, аль болох зүгээр байж байгаад мөнгө олох хүсэл тээн худал, хулгай, дээрмийг цэцэглүүлдэг, өөрөөсөө сул дорой хүүхэд эмэгтэйчүүдэд эр бяраа гарган хүчирхийлдэг, алдаг хяддаг, ямар ч шалтгаангүйгээр огт танихгүй хүн рүү бензин цацаад шатаагаад алдаг энэ тэр бол ерөөс энэ АВИР ТАРХИНДАА ИДЭГДСЭНЭЭС ИЛРЭН ГАРЧ БУЙ ШИНЖ ТЭМДЭГ юм. Мөн харшил, элэг, бөөр, зүрх судас, чихрийн шижин, мэдрэл тогтолцооны согог түгээмэл болсон. Эдгээр өвчлөлийн хэдэн хувь нь амьдралын буруу хэвшил, хоол унд, агаар орчноос, хэд нь хүний өөрийн доторх авир аашаас үүдэлтэй эмгэг өвчлөл болохыг судалбал бас л сонин юм гарах байх.
Тэгвэл АВИР ТАРХИЙГ ХЭРХЭН ЗАСАХ ВЭ? “Авир ааш ямар ч хүнд байдаг, ёстой чухам л бүтэшгүй юм бичиж байх шив” гэж бодогдож байна уу? Тэр нь ч тийм, хүн бүрт янз бүрийн авир ааш, араншин бий. Угаас хүний хувь мөн чанарыг илэрхийлж байдгийн хувьд хүнд огт байхгүй бол робот шиг л болох биз. Тиймээс үүнийг яагаад ч ор мөргүй болтол арилгаж болохгүй, угаас боломж ч байхгүй. Харин тодорхой хэмжээнд, савнаасаа халихгүй байлгах аргыг л АВИРАА ЗАСАХ гэж нэрлээд байгаа юм. Авир тархийг засах арга нь, шинжлэх ухааны хэлээр нь бичихэд, “урд тархийг хөгжүүлэх” юм. Насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүд дээр хийсэн судалгааны дүгнэлт нь “урд тархины хөгжил арын тархины хөгжлөөс дутуу” гэж гарсан байсан нь үүний нотолгоо юм. Харин бидэнд сургаж, хэлж ирснээр бол УХААРАХ юм. Үүнийг “урд тархиа ажиллуулах” гэж ойлгоход бас хэцүү. Угаас авир нь арвидсан хүний урд тархи буруу ажилладаг болсон байдаг байна. Дүрсгүй хүүхдийг “тархи нь эргэсэн хог” гээд л загнадаг байсан даа, өвөө эмээ нар. Тархи нь эргэдгийн тод жишээ нь өндөр боловсролтой, ухаалаг гэгддэг хүмүүс өөртөө хэтэрхий бардан бусдыг дорд үздэг, доромжилдог, шоолдог болсон байгаа нь бүх л төрлийн мэдээллийн хэрэгслүүдээс ил тод харагдана. Бас нэг жишээ нь дэлхийн мөнгөтэй том баячуудад атаархснаас үүдэлтэй шуналд автан бурууг хийж байгаа улс төрчид байна. Тэд улайм цайм буруу шийдвэр гаргачихаад “энэ хамгийн зөв шийдвэр, та нар ухаан муутай болохоороо ойлгохгүй байна” гэж хэлээд зогсож байдаг. Тэд үнэхээр чин сэтгэлээсээ зөв шийдвэр гаргасан гэж итгэж, хүмүүс яагаад ойлгохгүй байгааг гайхна. Тэгээд шалтгаан нь хүмүүс нийтээрээ тэнэг болж гэж дүгнэнэ. Гэтэл яг үнэндээ өөртөө бардах, бусдад атаархах зэргээр өөрийн авир тархиа идэвхжүүлжнээс үүдэлтэй өөрийнх нь тархи буруу ажилладаг болсныг мэддэггүй. Бас нэгэн жишээ, “УУР ИХТИЙН УХААН СОХОР” гэж үг байдаг нь авир ааш ихдэх юм бол ухаантай байсан ч тэр гаргах ухаан нь зөв байж чаддаггүй, байгаа онодоггүй, буруу мууг бодож, үйлдэж байдгийг товч бөгөөд тодорхой хэлсэн үг юм.
За тэгээд, урд тархиа хэрхэн зөв ажиллуулах тухайтад нь та бүхнийг хүсвэл цаг гаргаж бичээд оруулъя. Ингээд дуусгахгүй бол энэ бүүр уншиж дуусахгүй юм болох гээд байна.
Эцэст нь нэг бяцхан сонжоо.
1. “Пээ яасан урт юм бээ??? Яршиг” гээд хаясан бол ЗАЛХУУ. Ийм хүнд одоо юу ч хэлэхэв. “Битгий залхуураад бай, бүх юмнаас хоцорлоо” л гэж хэлье дээ. Угаасаа миний энэ зөвлөгөөг ч уншихгүй юм чинь цааш нь бичээд хэрэг байна уу даа хэхэхэ.
2. 2 дахь параграфийг уншингуутаа “За даа, хэрэггүй мэдээлэл байна” гээд цааш уншихгүй орхисон бол БАРДАМНАЛ, өөрийн мэдлэгээ л зөв, бүрэн гүйцэд, үнэн гэж итгэсэн, өөрийг хүлээж авах чадваргүй болсон гэсэн үг. Мөн, бүгдийг уншсан хэдий ч “Шааал хэрэггүй юм уншчихлаа. Ийм юм гэж юу байсан юм бэ? гэж байвал мөн адил өөртөө БАРДАН, цаашид өсөж хөгжих боломжоо гээсний шинж.
3. Бүрэн уншиж дууссан хэдий ч “Энэ одоо хэн бээ?? Юугаа мэддэг гээд үндэслэлгүй юм хуцна вэ??” гэж бодож байвал АТААРХУУ байх нь. Зүй нь надад биш, бичвэрт маань анхаарлаа хандуулаад, “Юу, хаанаас гараад ирэв? Яаж мэдэв? Би яаж мэддэг болох вэ?” гэж бодож, эрэл хайгуул хийх ёстой юм. Энд тархи адилхан л ажиллаж, юм бодож байгаа ч, хариу үйлдлийн хувьд эхнийх нь шал хэрэггүй юм бодож, харин дараагийнх нь зөв бодож үйлдэж байгаагаар тархины зөв, буруу ажиллагааг жишин харж болно.
4. Бүрэн уншиж дуусчихаад, “Пээ, айлын хүүхдүүд ийм айхтар. Би тэгсэн чинь юу вэээ???” гэж бодож байвал ШАНТРАЛ. Айлын хүүхэд болгон адилхан байх албагүй. Өөрийнхөө чадахгүйг бусдын чаддагтай харьцуулж өөрийгөө голно гэж юу байхав. Өөрийн чинь чаддагийг айлын хүүхэд чадахгүй ч байж мэднэ.
5. Энийг уншаад юу ч бодогдохгүй байвал, “үнэн байна, худлаа байна, сонин юм, сонингүй юм” гэх мэтээр ямар ч бодол орж ирэхгүй, уншчихаад л цаашаа өөр сэдэв, өөр зүйл руу явж байвал БОЛХИ нэгэн байх нь. Аливаа юмны учрыг бодож тунгаахгүй, бодож тунгааж учрыг нь олох аргаа ч мэдэхгүй нэгэн гэсэн үг.
6. Уншиж дуусчихаад юунд ч юм, яагаад ч юм бухимдаад, сэтгэл нь тавгүйтээд, яагаад ингээд байгаагаа бодъё гэхнээ бодол нь баригдахгүй, гүйгээд байвал ТОГТВОРГҮЙ нэгэн. Учир нь энд бичсэнийг ойлгох гэж хичээх ч бодлоо цэгцэлж чадахгүйн улмаас өөртөө дүгнэлт хийж чадахгүй байгаадаа бухимдаж байгаа хэрэг юм.
За тэгээд энэ сонжоогоор өөрийгөө үнэнчээр сонжоод аваарай. Ямар нэг байдлаар хүн бүрт энэ 6 авираас их бага хэмжээгээр байдаг, аашгүй авиргүй хүн гэж үгүй. Их үү, бага уу гэдэгт л гол учир нь бий. Зарим хүмүүст бүр 2 3-н авир зэрэг байх нь бий. Багахан, багахан цухалдсан ч “би тийм хүн биш ээ” гэж бодолгүй, алинд нь хамаатаж болохоо үнэнчээр шинжээд үзээрэй. Бага байгаа юм их болох боломжтой учраас, мөн өөрийгөө танин мэдэхэд хэрэгтэй учраас л “өөртөө шударга бай” гээд байгаа хэрэг. Хэнд ч хэлэхгүй өөрөө л мэдэж байх учраас тэр юм.
Ц.Мядагмаа
Ашигласан ном: Домчийн судар, Монгол Товчион түүхийн тайлал
art cr: Elianna Esquivel
art cr: Elianna Esquivel
Баярлалаа. Өөрийгөө ийм тодорхой олж харсандаа баяртай байна. Урд тархиа хөгжүүлэх аргын тухай мэдмээр байна. Хэлж өгнө үү...
ReplyDeleteТанд баярлалаа. Тун удахгүй урд тархины талаарх бичвэрээ оруулах болно
Delete