Skip to main content

Випашяна бясалгалын танилцуулга



Админ миний бие энэ удаад өөрийн шамддаг бясалгалыг та бүхэнтэй хуваалцахаар бэлтгэлээ. Энэ бол Випашяна юм. Монгол улсад 1997 онд байгуулагдсанаас хойш 20 жилийг үдэж байна. "Монголын Випашяна бясалгагчдын клуб" групп хуудас нь өдгөө 10 мянган бясалгагчид, сонирхогчтой. Миний мэдэхээр жил бүрийн хаврын дулаанаас намрын сүүл хүртэлх хугацаанд олон түмэн хүн цугласан хэрнээ нам гүм байдаг ганц л газар бий. Тэр нь Дхамма Махаана төв.  Өөр хаана ч тийм байхгүй биз ээ. Тэнд хэн нэгэн ямар нэгэн шашны суртал ухаалгад итгэсэндээ бус эрт цагт хааны агь хэмээгддэг байсан бурхан багшийн гэгээрсэн аргыг өөрийн биеэр хэрэгжүүлэхээр очдог нь илэрхий. Тэнд лам, бөө, христ, загалмайтан, исламын шашинтай хүнтэй хүртэл тааралдах нь энгийн зүйл юм. Шашин эс шүтдэг нь ч ихээхэн зорьдог. Мөн гадны улсуудаас хүртэл зорьж ирэх нь олон. Учир нь Випашяна бол дээрх олон төрлийн хүмүүсийн гэгээрсэн практик арга юм. Та ч би ч адил тэгш хэмжээгээр амар амгаланг хүртэх эрхтэй. Тэрхүү эрхээ мартсан, эсвэл өөрийн шашны үзэл баримтлалд хэт баригдсан хүмүүсийн хувьд энэ нь шашин, мэт, эсвэл буруу гаж зүйл гэж харагддаг ч байж болох юм.  

Түүхэн уламжлал
Випашяна бол Энэтхэгийн хамгийн эртний бясалгалын арга юм. Энэхүү бясалгалыг 25  зууны тэртээ Бурхан багш Гоутам бээр хүн төрөлхтнөө нээн илрүүлсэн  бөгөөд энэ нь түүний 45 жилийн турш заан сургаж, номлож байсан бүх сургаалийн гол үндэс нь билээ. Бурхан багшийн үед Хойд Энэтхэгийн олон сая ард иргэд энэ бясалгалыг үйлдэн зовлон шаналалаас ангижран  нийгмийн олон салбарт өндөр амжилтанд хүрч байжээ. Мөн Энэтхэгийн хөрш зэргэлдээх Бирм, Шри Ланка, Тайланд, Монгол зэрэг оронд  дэлгэрч гайхамшигт үр дүнгээ өгч байлаа.
Бурхан багш нирваан дүр үзүүлсний 500 жилийн хойно Випашяна бясалгал Энэтхэг орноос устан алга болж, бусад оронд  цэвэр ариун байдлаа алдсан байна. Харин зөвхөн Бирм улсад  бясалгалд чин сэтгэлээ зориулсан багш нарын уламжлалаар өнгөрсөн хоёр мянган жилийн турш үеэс үе дамжин ариунаар хадгалагдан иржээ. Энэхүү уламжлалын  Их багш Саяажи У Ба Кин 1969 онд С.Н.Гоенкаг Випашяна бясалгалын Их багшаар тохоон томилжээ. Өдгөө Их багш С.Н.Гоенка  Энэтхэгт төдийгүй дэлхийн 120 гаруй оронд түгээн дэлгэрүүлээд байна. Уламжлалын их багш Саяажи У Ба Кин 1971 онд таалал болохоосоо өмнө өөрийнх нь мөрөөдөл биелж байгааг харж чадсан билээ. Тэр бээр Ариун номын өлгий нутаг болсон Энэтхэгийн ард түмэнд Випашяна бясалгалыг эргүүлэн хүргэхийг хүсэж байсан юм. Их багш бээр энэ бясалгалыг зөвхөн Энэтхэгт түгэн дэлгэрээд зогсохгүй, дэлхийн олон орны сая сая хүн зонд амар амгаланг авчрах болно гэдэгт итгэлтэй байжээ.
Их багш Гоенка 1969 оноос Энэтхэгт  Випашяна бясалгал анх  зааж, 10 жилийн дараа хилийн чанадад түгээн дэлгэрүүлж  эхэлсэн байна. Эхний  27 жилийн дотор тэрбээр 400 гаруй удаа 10 хоногийн бясалгал явуулсаны сацуу  200 гаруй туслах багш нарыг бэлтгэн дэлхийн олон улс оронд илгээн  2000 орчим 10 хоногийн бясалгал явуулсан байна. Энэхэн хугацаанд олон зуун бясалгалын төв байгуулагдсанаас 26 нь Энэтхэгт, үлдсэн нь дэлхийн бусад орнуудад ажиллаж байгаа билээ. Бирм хэмээх жижигхэн оронд өнө удаан жил хадгалагдсан энэхүү үнэт эрдэнэ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрсээр байна.  Үнэн аз жаргал, амар амгаланд хүргэгч энэ бясалгалын замаар замнагсдын тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байна.

Бясалгалын арга
Чадвар бүхий багшийн удирдлага дор зориулалтын төвд 10 хоногийн бясалгалд хамрагдсанаар та энэхүү бясалгалд суралцаж эхлэх боломжтой. Бясалгалын явцад бясалгалын төвийн хязгаарт байж, гадны ямар ч хүнтэй харилцахгүй байх ёстой. Мөн унших, бичих болон шашны зан үйл үйлдэх,  тарни маани тоолох зэргийг тэвчих хэрэгтэй.  Өдөрт  хуваарийн дагуу 10 орчим цаг сууж бясалгах журамтай. Мөн эхний ес хоногийн турш нам гүм байж, хамтран бясалгагч нартайгаа дохио зангаагаар ч харилцахыг  тэвчин дүрэм  горимыг чандлан сахих ёстой. Бясалгалын тухай асуудлыг багшаасаа асууж, өөрт тохиолдсон бэрхшээлийн талаар зохион байгуулж буй хүмүүсээс цөөн хэдэн үгээр лавлаж болно.
Бясалгалын сургалтын гурван үе шат бий.
Нэгд: Бясалгагчид бусдад хор нөлөө учруулах аливаа зүйлээс зайлсхийх ёстой. Үүний тулд амьтны амь хөнөөхгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, буруу хурьцал үйлдэхгүй, архи тамхи мэт хортонг хэрэглэхгүй байх таван  сахилыг  авдаг. Эдгээр сахилыг сахиснаар сэтгэл амгалан тайван болж, дараагийн шатанд ороход амар болдог билээ.
Хоёрдугаар  шатанд бясалгагчид эхний гурван өдрийн турш анхаарлаа орж гарах амьсгал дээрээ төвлөрүүлэх “Анапана” бясалгалыг хийдэг. Энэ бясалгал нь сармагчин мэт үсчих сэтгэлийг нэгэн үзүүрт болгодог. Бясалгалын эхний хоёр шат болох ариун явдлыг дээдлэх, сэтгэлээ нэгэн үзүүрт болгох  нь ач тустай хэдий ч гурав дахь шатгүйгээр бүрэн төгс болж чадахгүй билээ.
Гурав дахь шатанд  сэтгэлийн гүнд хуримтлагдсан хир буртгийг үндсээр нь арилган сэтгэлийг ариусгах арга хэрэглэдэг юм. Энэ бясалгал  сүүлийн  зургаан өдрийн турш явагдах бөгөөд  Випашяна хэмээнэ.  Випашянаг бясалгаснаар аливаа хүн өөрийн бие сэтгэлийн гүнд тэгш оршихуйн билгүүнээр нэвтрэн ордог.
Бясалгагчдад өдөрт хэд хэдэн удаа бясалгалын заавар өгөгдөх  бөгөөд  тэр өдрийн бясалгалтай холбоотой номын ярилцлагыг үдэш бүр  их багш Гоенка тайлбарлан ярьдаг билээ. Бясалгалын эхний есөн өдрийн турш бүх бясалгагч хоорондоо юм ярихгүй, нам гүм байх ёстой. 10 дахь өдрөөс  ярьж эхлэх бөгөөд энэ нь  донсолгоотой нийгмийн амьдралд эргэн орох бэлтгэл болох юм. 11 дэх өдрийн өглөө энэрэхүй сэтгэлийг бясалгаж, 10 өдрийн турш хураасан буянаа хамаг амьтантай хуваалцсанаар бясалгал өндөрлөдөг.

Бясалгал хэрхэн явагддаг вэ?
Олон оронд Випашяна бясалгал байнгын төвүүд болон бусад газарт зохион байгуулагддаг.  Төвүүдэд энгийн 10 хоногийн бясалгалаас гадна бясалгалд гүн орж буй хуучин бясалгагч нарт зориулсан 20, 30, 45, 60 хоногийн уртын бясалгал явуулдаг билээ.
Випашяна бясалгалын эхний хэсэг болох Анапана бясалгалын хүүхдийн богино курс Энэтхэгт тогтмол зохион байгууллагддаг.  Хүүхдийн бясалгал нь 4-3 хоног үргэлжилж, 8-11 ба 12-15 насны ангиллаар явагдана.
Випашяна бясалгал нь дэлхий даяар зөвхөн чин сэтгэлийн өглөг дээр тулгуурлан явагддаг бөгөөд шинэ бясалгагчдаас ямар ч төлбөр авдаггүй. Урьд өмнө бясалгалд сууж, ач тусыг хүртсэн хуучин бясалгагч нарын бусдын тусын тулд өгсөн өглөг хандиваар  бясалгал санхүүждэг билээ. Энэхүү бясалгалыг зааж байгаа багш болон туслах багш нар мөн түүнчлэн номын үйлчлэгчид бүгдээрээ сайн дураараа буяны сэтгэлээр бясалгагчдад үйлчилдэг. Энэ  нь ашиг орлогын төлөө биш,  ач тусыг санан өргөсөн буяны өглөгт тулгуурлан үнэ төлбөргүйгээр Бурханы Ариун номыг зааж сургадаг  эртний нандин  уламжлалтай нийцэж байгаа билээ.

Аливаа шашны урсгалаас ангид сургаал
Бурханы шашны уламжлалд хадгалагдаж ирсэн хэдий ч Випашяна бясалгал нь шашны урсгалтай ямар ч холбоогүй, ямар ч шашин шүтлэгтэй хэн боловч хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж болох боломжтой юм. Бурхан багш  “Дхамма” буюу “үнэн, зам, ном”-ыг  заасан билээ. Тэрээр өөрийн шавь нарыг “Бурханы шашинтан”  хэмээн нэрлэсэнгүй. Харин “Дхаммист” буюу “Номын ёсыг дагагч нар” хэмээсэн байдаг. Хүмүүн төрөлт бүхний  зовлон нийтлэг байдаг бөгөөд тэрхүү зовлонгоос гарах арга зам ч нийтлэг тул Бурхан багш нийтлэг зовлонг арилгах арга замыг заажээ.

Бясалгал нь ямар нэгэн язгуур угсаа, гарал үүсэл, яс үндэс, сүсэг бишрэлээс үл харгалзан сурахыг хүссэн бүх хүмүүст нээлттэй байдаг. Христос, Лал, Хинду, Буддист зэрэг олон шашинтангууд энэ бясалгалыг амжилттай бясалгасаар байгаа билээ. Өвчин нийтлэг нэг байлаа гэхэд түүнийг анагаах  эм нь ч гэсэн нийтлэг байх учиртай. Жишээлбэл:  уур хүрлээ гэхэд тэрхүү уурыг Христос шашинтны уур, аль эсвэл Монгол хүний уур, Орос хүний уур гэж ялгах аргагүй байдаг. Үүнтэй адил хайр энэрлийг ч гэсэн ямар нэгэн шашин, нийгмийн гарвалаар  ялган салгаж болдоггүй. Хайр энэрэл бол цэвэр ариун сэтгэлээс урган гарч байгаа хүмүүний нийтлэг ариун чанар  билээ. Янз бүрийн шашны хүмүүс Випашяна бясалгалыг сурсанаар сайн хүмүүн болж байгаагаа мэдэрдэг.
Эх сурвалж: http://byasalgal.mn/about/

Comments

Popular posts from this blog

СҮНСНИЙ ХӨГЖЛИЙН 7 ҮЕ ШАТ: ТА ХААНА НЬ ЯВНА ВЭ?

Сүнслэг өсөлт бол олон уулзвар, олон салаа эргэлттэй аялал юм. Оюун санааны энэ аян замд гэвч хаана яваагаа таньж мэдэж болох тодорхой үе шатууд байдаг.  Оюун санаа, билиг оюун, сүнсний хөгжлийг олон аргаар гүйцэтгэж болно. Гэгээрэлд хүргэдэг тогтсон зам гэж байхгүй. Тэр байтугай, энэ замд заримдаа урагш хоёр алхаад гурваар ухраад байх шиг ч санагдах үе бий. Үнэндээ яг одоо байгаа үе шат чинь тийм ч чухал биш. Гол нь хэр хол явснаа харах, дараагийн булан тойроход юу байж болохыг ойлгохын тулд аян замынхаа аль хэсэгт яваагаа мэдэх нь чухал. Сүнслэг өсөлтийн эдгээр үе шатууд зөвхөн удирдамж төдий юм. Та амьдрал ахуйдаа янз бүрийн чиглэлээрээ янз бүрийн үе шатад яваа. Сүнслэг өсөлтийн үе шатуудыг олон янзаар тодорхойлсон байдаг ч туйлын зөв зам, туйлын зөв арга гэж үгүй. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц, үе шатыг ойлгох нь бидэнд урагш ахиж, туулах зам мөрөө илүү аятай, ойлгомжтой болгоход тусалдаг. Энэ л утгаар, сүнслэг өсөлтийн үе шатуудыг дараах байдлаар тайлбарлаж байна. ...

ТАРХИНЫ ТАЛААРХ ҮНЭН-2

Өмнөх бичвэрээс анзаарсан бол “авир тархинд болхи, залхуу, бардамнал, шантрал, атаархал, тогтворгүй байдал гэсэн авируудыг тус тусад нь хариуцдаг 6 ХҮРД байдаг” гэж бичсэн байсныг санаж байгаа биз ээ. Эдгээр авируудыг өдөөснөөр хүний авир тархи илүүтэй идэвхжиж, айдас, эргэлзээ, уур бухимдал, алив муу муухайг зүрх сэтгэл, тархи оюунд өөгшүүлэн бодуулж, хийх үйлдэл, хөгжин дэвшихүйд дөнгө болж байдаг гэдэг. Тэгвэл авир тархиа идэвхжүүлэхгүйгээр дарах арга нь УРД ТАРХИА хөгжүүлэх, сайтар ажиллуулах юм. Энэхүү бичвэртээ УРД буюу ИХ ТАРХИНЫ тухайд мөн ХҮРД гэдэг ухагдахуунаар тайлбарлан бичих болно. Шинжлэх ухаанд хүний хөдөлгөөн, сэтгэн бодох үйл ажиллагааны гол хэсэг, рефлекст үйл ажиллагааг их тархины дээд гадна давхарга хариуцдаг гэж бичсэн байдаг юм билээ. Тэгвэл одоо миний бичих ТИТЭМ буюу ОРОЙН ХҮРДний байршил яг л тэнд, “гавлын чанх оройд, их зулайд байрладаг энэхүү хүрд нь хүний үг яриа, үйлдэл хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг хариуцсан байдаг” гэсэн нь шинжлэх ухаанаар тодорхойлс...

Аюурвед

Энэ нэг юм юу ч хамаагүй хамж идээд таргалахгүй, би ус уусан ч таргалаад байна гэдэг хүмүүс наашаа анхаарлаа хандуулна уу. Аюурвед гэж сонссон хэр нь яг таг юу гэдгийг нь мэдэхгүй хүн олон. Энгийнээр тайлбарлахад ердөө л байгалийн хууль юм. Бидний махан бие байгалийн бүтээл. Гайхамшиг нь дийлдэхгүй том механизм. Нэг ёсондоо олон галактик ертөнцүүд бидний дотор ухаалаг системээр зохицон амьдарч буй гэхэд болох юм. Энэ нэг ёсны физикийн хичээл юм. Энергийн тухай л яригдах сэдэв учир. Энэтхэгийн ведийн гүн ухаан, Хятад Солонгосын инь-янг онол, Монголын уламжлалт анагаах ухаан бүгдэд л үндэс суурь болгон авч үздэг нийтлэг үзэл бөгөөд худал зүйлгүй хөдөлшгүй байгалийн хууль юм. Хүний энергийн шинж чанар буюу энерги хэр зэрэг нөөцөлдөг, нөөцөлснийгөө хэр зэрэг зарцуулдаг, буцаагаад хэрхэн нөхөж чаддаг зэрэг шинжүүдээр 7 ангилан тодорхойлно. Үүнд: 1. Альфа хүн /alpha/     Питта доша /pitta dosha/     Ус ба галын элемент 2. Бета хүн /beta/     Капха д...